Сүүлийн жилүүдэд Apple компани болон Европын Холбоо хоорондын татварын маргаан олон улсын анхаарлын төвд байсан билээ. 2024 оны 9-р сард энэ асуудалд цэг тавьсан шүүхийн эцсийн шийдвэр гарснаар олон улсын татварын бодлого болон корпорациудын татварын зохицуулалт шинэ шатанд шилжлээ.
Маргааны Эхлэл: Европын холбоо vs Apple
Татварын хөнгөлөлтийн хүрээнд Apple өөрийн ашиг орлогыг Ирландад бүртгэн, Европын Холбооны дийлэнх зах зээлээс олох орлогоос үнийн дүнгийн 1% татвар төлдөг байжээ. 2016 онд Европын Комисс Ирландын Засгийн газар Apple компанид татварын хууль бус хөнгөлөлт үзүүлж, улмаар 2003-2014 оны хооронд 13 тэрбум еврогийн татварыг дутуу төлсөн хэмээн үзсэн юм. 13 тэрбум евро нь Монгол төгрөгөөр ойролцоогоор 47 их наяд төгрөгтэй тэнцэнэ. Ирландын Засгийн газар болон Apple компани Европын Холбооны Ерөнхий шүүхэд хандан энэхүү асуудлыг шийдвэрлэхээр болсон.
Шүүхийн Хүчингүй Болгосон Шийдвэр
2020 онд Европын Холбооны Ерөнхий шүүх Европын Комиссын анхны шийдвэрийг хүчингүй болгож, Apple болон Ирландын талд давуу тал үүссэн. Гэвч Европын Комисс энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй, шүүхийн шийдвэрийг дахин давж заалдсан юм. Үүний үр дүнд энэхүү маргаан шүүхийн шат дамжлагаар үргэлжилж, Европын татварын систем болон олон улсын корпорациудын татварын тэгш байдлын талаарх маргааныг улам хурцатгасан юм.
Apple-ийг Татвараа Нөхөн Төлөхийг Шаардсан нь
2024 оны 9-р сарын 10-нд Европын Холбооны Шүүх Европын Комиссын анхны шийдвэрийг баталж, Apple компани 13 тэрбум еврог Ирландын Засгийн газарт хүүгийн хамт нөхөн төлөх ёстой гэсэн тогтоол гаргасан юм. Энэ шийдвэр нь Евродын Холбоо олон улсын корпорациудын татварын асуудалд хатуу байр суурь баримталж буйг харуулж, татварын бодлого, зохицуулалт цаашид өөрчлөгдөхөд түлхэц болохуйц үйл явдал боллоо.
Үр нөлөө ба ирээдүй
Энэхүү шийдвэр нь Apple компанид санхүүгийн дарамт учруулахаас гадна Европ дахь тэдний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх магадлалтай. 2024 оны аравдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп PBD Podcast-д оролцох үеэр Apple-ийн Гүйцэтгэх захирал Тим Күүк-тэй холбогдон Европын Холбооны ногдуулсан торгуульд санаа зовж буйгаа илэрхийлсэн юм. Тим Күүк Apple-ийн Ирланд дахь үйл ажиллагаатай холбоотой 13 тэрбум еврогийн татварын торгууль болон App Store-д үүссэн өрсөлдөөний улмаас 1.8 тэрбум еврогийн нэмэлт торгуулийн талаар онцолсон байна. Трамп, хэрэв дахин сонгогдвол Америкийн компаниудад ийм торгууль ногдуулахаас сэргийлэх арга хэмжээ авах болно гэжээ.
Энэхүү асуудал нь Apple компанид төдийгүй олон улсын бизнесийн орчинд чухал нөлөө үзүүлж, цаашид татварын шударга байдал, олон улсын корпорациудын татварын зохицуулалт болон гишүүн орнуудын татварын бодлогод өөрчлөлт оруулахад түлхэц болох юм.